МУИС Хэвлэлийн газар

​Генетик ген ба геном, 2016

Генетик ген ба геном, 2016

Зохиогч: Ц.Цэндсүрэн ,Ц.Ариунтуул

Редактор: Г.Саранцэцэг, Ч.Гантигмаа

ISBN код: 978-99973-68-44-7

Хэл: Монгол

Хуудасны тоо: 146

Жин: 295 гр

Хэмжээ: зөөлөн хавтастай, 242 x 175 x 5 мм

Үнэ: 17500₮

Монгол улсад анх генетикийн шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөөр өдгөө 50 жилийн нүүр үзэж байна. Хүн төрөлхтөний түүхийн нэгэн зууны хугацаанд үүсэн хөгжсөн генетикийн шинжлэх ухаан нь биологийн шинжлэх ухааны бүх салбарт эдүгээ түлхүүр байр суурийг ззлэх болсон билээ. Мөн түүнчлэн, генетикийн шинжлэх ухааны ололт амжилтын үрээр бий болсон дэвшилтэд технологи хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд, хүний эрүүл мэндийн салбарт нэвтэрсэнээр хүний амьдрал үйл ажиллагаанд түүний гүйцэтгэх үүрэг ихэд цар хүрээтэй болсоныг дурьдах нь зүйтэй юм. Генетик нь амьд бие махбодийн (хүн, амьтан, ургамал, бичил биетэн зэрэг) удамшил ба хувьсалын зүй тогтолыг судалдаг шинжлэх ухаан юм.

Аливаа амьд бие махбодь нь үе дамжин оршихдоо өөрийн онцлогоо хадгалахыг удамшил гэх ба нэг үеэс дараагийн үедээ ялгаатай болдог нь хувьсал болно. Тухайлбал, хүнээс хүн, хулганаас хулгана, буудайнаас буудай, бактериас бактер бий болдог нь удамшлын жишээ болж байхад үр хүүхэд эцэг эхтэйгээ ижил мөртлөө бүрэн хуулаад төрчихдөггүй, ах дүүс хоорондоо төстэй боловч ямагт ялгаатай байгаа нь хувьсал юм. Амьд байгалийн оршихуй болон хязгааргүй олон төрөл хэлбэр нь үе дамжих удамшил ба хувьсалтай салшгүй холбоотой юм.

Бид энэ номонд генетикийн шинжлэх ухааны үндсийг ойлгоход хялбар хэлбэрээр зургийн тайлбар ихтэйгээр өгөхийг зорьсон болно. Энэхүү ном нь генетикийн үндсэн зүй тогтол, молекул генетик, ДНХ технологи, бөөмийн бус удамшил, микроорганизмын генетик, амьтан ба ургамлын генетик зэрэг 6 бүлгээс тогтоно.

Эх хэлэн дээрхи генетикийн чиглэлийн ном сурах бичиг төдийлөн хангалттай бус байгааг харгалзан бид энэхүү номыг их дээд сургуулийн оюутан, залуу судлаачдад зориулан гаргалаа.