Л.Галбаатар “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй ном гаргажээ
МУИС-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хуульч Л.Галбаатар хоёр дахь номоо хэвлүүлээд байна. “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй уг шинэ номын арын хавтаснаа зохиогчийг 2013-2014 онд “Мэдээллийн аюулгүй байдлын тухай” болон “Кибер аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төсөл, 2014-2015 онд “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр ажилласан гэжээ.
Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн цөөн судлаач, хуульчийн нэг тэрбээр тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулсан байна.
МУИС Пресс Хэвлэлийн Газар-аас эрхлэн гаргасан тус ном үндсэн 5 хэсэгтэй бөгөөд үзүүлэн, нэр томьёо болон “Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргажээ.
Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой байна.
Дашрамд сонирхуулахад Монгол Улсын шүүхээр хоёр ч кибер гэмт хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчид кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зүйлийн талаар мэдэх, суралцах сонирхлоо илэрхийлсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлтгэсэн шүүгчдэд зориулсан сургалтын төлөвлөгөөнд кибер гэмт хэргийн асуудлаарх хичээл багтжээ.
Номын нэр: | Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь |
ISBN: | 978-99973-42-61-4 |
Номын зохиогч: | Л.Галбаатар |
Редактор: | Д.Батгэрэл |
Хэвлэлийн газар: | МУИС Пресс |
Хэл: | Монгол, Англи |
Хэмжээ: | 205x140x8 мм |
Хуудасны тоо | 76 |
Эрхлэн гаргасан огноо: | 2015 |
Үнэ: | 12,000₮ |
Зохиогчийн тухай: | Л.Галбаатар нь 2010 онд “Цахим эрх зүй” ном бичиж хэвлүүлсэн бөгөөд “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном түүний хоёр дахь бүтээл юм. Тэрээр Монголын Хуульчдын холбооны гишүүн-хуульч, Монголын Геополитикийн судалгааны хүрээлэнгийн шинжээч гишүүн, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачаар ажилладаг. |