МОНГОЛ ОРНЫ ГАЗРЫН ЗУРАГ СУДЛАЛЫН НЭГЭН ШИНЭХЭН БҮТЭЭЛ
Монгол Улсын түүх соёлын
хосгүй дурсгалын нэг нь Монголын газрын зураг билээ. Юань Улсын үеийн дэлхийн
газрын зургаас эхлээд 1733 оны Галданцэрэн хааны өөрөө зурсан Зүүн гар хаант
улсын зураг хүртэлх ховор нандин зургуудыг гадаад дотоодын эрдэмтэд гайгүй сайн
судалж, олны хүртээл болгожээ. Японы Токио Гадаад Судлалын Их Сургуулийн
профессор Хироши Фүтаки, болон судлаач Камимура нар 2005-2011 онд Японы Тоёота
сан болон Японы Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас баталсан төслийн дэмжлэгээр
Монголын түүхэн хуучин газрын зураг төсөл хэрэгжүүлж Монголд болон Япон зэрэг
оронд байгаа олон арван зургийн нутгийн цэсийг хийж гэрэл зургийн хэлбэрээр
оруулж уг хэрэглэгдэхүүнийг судалсан
эрдэм шинжилгээний өгүүлэлүүд хэвлүүлсэн байна. Энэ хоёр төслийн хүрээнд 2011
онд Улаанбаатар хотноо “International workshop: Tradition of Manuscript Maps in
Mongolia under Qing Rule and the Bogd Khaan – Cartography and Onomatics” хэмээх
олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан билээ. Саяхан энэ хуралд
тавьсан илтгэлүүдийг эмхэтгэн “Монгол орны газрын зураг болон газар нутгийн
нэрийн судалгааны асуудлууд” номыг МУИС-ийн “МУИС Пресс Хэвлэлийн Газар”-аас
эрхлэн гаргалаа. Уг номд, профессор Э.Равданы “Эртний болон дундад эртний үеийн
Монгол гүрний нутаг дэвсгэр, газар зүйн биетүүдийн нэр, дэлхийн болон бүс
нутгийн газрын зурагт туссан тоймоос”, профессор Х.Фүтакийн “Японы судлаач
цэргийн хүний үлдээсэн ХХ зууны эхний Ар монголын зүүн хэсгийн газарзүйн тухай
мэдээлэл”, судлаач Камимура Акирагийн
“Монголын хошуу нутгийн зургийн зураг зүйн хувьсал ба Чин Улсын Монгол
захиргаа”, М.Саандарын “Монголын түүхийн болон орчин үеийн газрын зургийг
харьцуулсан судалгаан зари үр дүнгээс” зэрэг арав гаруй сонирхолтой судалгааны өгүүллүүд
нийтлэгджээ.
Б.Ирээдүй