МУИС Хэвлэлийн газар

П.ДЭЛГЭРЖАРГАЛ: ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН ГОЛ ЦӨМ МОНГОЛДОО ҮЛДСЭН

П.ДЭЛГЭРЖАРГАЛ: ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН ГОЛ ЦӨМ МОНГОЛДОО ҮЛДСЭН

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргалтай уулзаж хөөрөлдлөө.

-“Монгол Улсын түүх” номын ерөнхий редактороор ажилласан байсан. Энэ бүтээлийн онцлог юу байв?

-Энэ онд МУИС-ийн Түүхийн тэнхим байгуулагдсаны далан жилийн ой тохиож байгаа. Ойд зориулж МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “Монгол Улсын түүх” сурах бичгийг шинэчлэн бичлээ. Эл сурах бичиг Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн, арван зургаан зохиогчтой бүтээл болсон. Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан. Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон. Уншигчдын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрт шигтгэн орууллаа. Бүтээлийг бүтэн хоёр жилийн хугацаанд Түүхийн тэнхимийнхээ эрдэмтэн мэргэдийн хамт бичилцсэндээ туйлын баяртай байна.

-Болоод өнгөрсөн түүх ер нь тийм чухал зүйл мөн үү?

-Хүнийг хүн болгож байгаа, Монголыг Монгол болгож байгаа зүйл бол өнгөрсөн түүх. Дэлгэржаргалыг Дэлгэржаргал болгож байгаа зүйл бол яах аргагүй миний өнгөрсөн үе. Өөрийгөө ойлгож танина гэдэг маш чухал. Хэдий чинээ өөрийгөө ойлгож мэднэ төдий чинээ ирээдүйгээ тодорхойлж болохтой адил өнөөдөр байгаагаа илүү сайн ойлговол ирээдүйг тодорхойлох боломж байж байдаг.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр “Монголын эртний түүх”-ийн таван боть хэвлэгдсэн. Та энэ ботиудын аль ботиуд дээр ажиллав?

-“Монголын эртний түүх” төслийг Монгол судлалын үндэсний зөвлөлөөс дэмжиж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэвлэлийн зардлыг гарган хэвлүүлж цагаан сарын өмнө нээлтээ хийсэн. Хүннүгээс авахуулаад Кидан гүрэн хүртэл Монголын эртний улсуудын түүхийг таван ботиор бичсэн томоохон бүтээл юм. Манай сургуулийн түүхийн болон археологи антропологийн тэнхимүүд, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн түүхч эрдэмтдийн хамтын бүтээл л дээ. Миний хувьд таван ботийн ерөнхий редактороор ажиллаж, Хүннү, Сяньби гүрэн гэсэн эхний хоёр ботийг бичсэн. “Жужань”, “Түрэг, Уйгар”, “VI-XII зууны монголчууд буюу Кидан” гэсэн таван боть байгаа.

-Доройтож буй үндэстэн өнгөрсөн түүхээрээ бахархдаг гэсэн гутранги үзэлтэй хүмүүс ч байх юм. Бид үнэхээр мандан бадарсан түүхтэй өвөг дээдсийн үр сад атлаа өнөөдөр яагаад хөгжиж дэвжиж чадахгүй байна вэ?

-Ард түмэн л зөвхөн түүхтэй байдаг. Тэрнээс хувь хүний түүх гэж байхгүй. Тиймээс л бид “Монголын түүх”, “Оросын түүх”, “Хятадын түүх” гэж тус тусад нь ярьдаг. Ард түмэн мөнхөд оршин тогтнодог учраас түүх тасралтгүй явж байдаг. Монгол Улс, монгол үндэстэн байгаа цагт Монголын түүх тасралтгүй үргэлжилнэ. Том улс гүрнүүд түүхэндээ яагаад ач холбогдол өгөөд байдаг вэ гэвэл үндэстнийг үндэстэн болгож байгаа зүйлийн гол цөм нь түүх юм. Үндэсний адилслыг бий болгодог юм чинь түүхэн ой санамж. Монгол Орос, Хятадаас яагаад өөр вэ гэвэл өөрийн түүхэндээ л онцлог нь байгаа. Дэлхий дээр хэдэн үндэстэн байна, тэр бүхэн өөр өөр. Өөр байгаагийн шалтгаан нь түүхэндээ л байгаа. Өнөөдөр бид баян байя, сайхан амьдаръя, эх орон юу ч биш гэж боддог болчихсон бол “Түүх юу юм бэ” гэж хэлэх байх. Үүний цаад санаа нь “Мөнгөтэй л байвал тусгаар тогтнол юу юм” гэсэн үг шүү дээ. Тусгаар тогтнол юугаараа үнэ цэнэтэй байдаг вэ гэвэл эх орныхоо эзэн байх гэсэн ганцхан л юм байгаа. Бид тусгаар тогтнолгүй бол хэн нэгний зарц боол байх тавилан л угтана. Баян байгаад боолын боол, босгоны шороо байх уу, “Бор гэртээ богд, хар гэртээ хаан байх уу” гэдгийн үнэ цэнэ тэс өөр ойлголт л доо. Эх оронтой байх, эх оронгүй хүн хоёрын ялгааг нэг бодоод үзээсэй. Тусгаар тогтнолын төлөө хүн амь насаа яагаад өргөөд байна вэ гэдэг чинь ганцхан өөрийнхөө нэг насны амьдралын төлөө бус үр хойчийнхоо л сайн сайхны төлөө юм. Бид хэтэрхий амин хувиа хичээж түүх юу юм бэ гэж нулимж болохгүй. Хөгжил дэвшлийн тухайд өөрийнхөө уламжлал дээр суурилсан зүйл л жинхэнэ хөгжил. Тэрнээс бусдыг дуурайж хуулсан хөгжил хөгжил биш. Оюун санааны боол болж байгаа л үзэгдэл юм. Бид өрнөдийг, Хятадыг, Солонгосыг дагаад явж болно. Мөн чанартаа Солонгос нь Америкийг хуулчихсан л явж байна шүү дээ. Арвангуравдугаар зуунд монголчууд дэлхийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байсан гэхээр нүүдлийн соёл, иргэншил гэдэг өөриймших содон зүйлтэй байсан хэрэг. Бусдыг дагаж хөгжинө гэдэг мотор нь өөр гүрнээс хамаарна аа л гэсэн үг. Чиргүүл хэзээ ч хөдөлгүүр, зүтгүүрийнхээ өмнө гарахгүй.

Эцсийн дүндээ өөрийнхөө мөн чанарт тулгуурласан хөгжил л хамгийн агуу. Тийм учраас том гүрнүүд өөрийн түүхэндээ ач холбогдол өгч байна. Хятадын эрдэмтэд “Бидний гурван мянган жил бий болгосон соёлыг гучхан жилийн дотор өрнөдийн иргэншил арчаад хаячихлаа. Одоо яах вэ” гэж халаглаж байна. Манайхыг бодоход, олон мянган жилийн түүхтэй, тэрбум гаруй хүн амтай том айл өрнөдийн иргэншлээс айгаад, санаа зовоод сууж байхад бид юм бодохгүй л бол болохгүй.

-Чингис хаан болоод тэдний үр сад дэлхийн наран ургахаас жаргах хүртэл өргөн уудам газар нутгийг эрхшээхдээ Монголын хамгийн сор болсон хэсгийг аваад аян дайнд явчихсан, арга чарга хайсан арчаагүй залхуучууд нь монгол голомтод үлдсэн учраас өнөөгийн Монгол Улс олигтой хөгжихгүй байна гэж үзэх хэсэг байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Дэлхий даян монголчуудыг оюуны чадамж өндөр ард түмэн гэдэгт итгэж, одоо ч тусалж дэмжиж байгаа. Тийм агуу түүхтэй ард түмний үр садад жаахан туслаад өгвөл өөрөө өөрсдийгөө аваад явчихна гэж харж байна шүү дээ. Аян дайнаар Монголын оюунлаг, бие бялдар төгс төгөлдөр хэсгийнхэн гадагшаа явсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Чингис хааны алтан ургийн гол цөм нь Монголдоо үлдсэн. Алтан ургийнхны гол цөм чинь Тулуйн үр сад их хаан Мөнх, Хубилайн үр сад шүү дээ. Хубилайн үр сад гэхэд Бээжинд төвлөн сууж байгаад Тогоонтөмөр хааны үед Монголдоо ирсэн. Хэдийгээр Манжийн дарлалд орсон ч гэсэн хорьдугаар зууны эхэн үе хүртэл Чингисийн алтан ургийнхан л Монголыг захираад байж байсан. Алтан ураг гэдэг чинь дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Манжууд хүртэл Чингисийн алтан урагтай л холбоотой байхыг эрмэлзэж байсан. Тиймээс Монголын хамаг шаар шавхруу нь л төрөлх нутагтаа үлдчихсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Агуу түүхийг бүтээсний хойно бууран доройтохоор тэгж бодох хүмүүс байдаг байж магадгүй л дээ. Агуу эзэнт гүрэн байгуулж байсан ард түмэн үргэлжийн мандан бадралын мөчлөгтөө байгаад байх нь дэлхийн түүхэнд ховор. Хэрвээ тийм байсан бол аль нэг эзэнт гүрэн дэлхийд хэдэн мянган жил ноёрхоод байж байна. ЗХУ гэж ямар хүчтэй гүрэн байлаа. Байж л байх юм шиг л санагддаг байсан. Далхан жил оршин тогтноод задарч бутраа биз дээ. АНУ одоо мундаг байна л гэж байна. Гэтэл мандан бадралынх нь үе төгсөх гэж байна гээд байгаа. Энэ хоёр гүрний хувьд гэхэд л зуугаадхан жилийн л түүх яригдаж байна. Тэгэхэд монголчууд XIII-XIV зуун гээд дэлхийн түүхийн бүтэн хоёр зуун жилийг дамнан эрхшээнэ гэдэг хэр баргийн ард түмний чадахгүй, чадаагүй зүйл. Хүчирхэг гүрэн мандан бадарч, задарч бутардаг нь түүхэн хөгжлийн зүй тогтол. Эртний Грек, Ром, Египетийн иргэншил чинь одоо үндсэндээ мөхсөн. Харин монголчууд энэ олон зуун жилд төр ёсныхоо уламжлалыг хадгалаад өдий зэрэгтэй яваа чинь бидний үндэсний бахархал.

-Грек, Ром, Египет гээд эртний их гүрнүүд одоо ч оршин тогтносоор байгаа биз дээ. Тэгэхэд дэлхийн түүхийн магнайд бичигдэж явсан монголчууд шиг газар нутгийн хувьд ч давжаарсан, хөгжлийн хувьд хоцрогдсон ард түмэн байхгүй байх шиг?

-Тэр их гүрнүүдийг залгамжилсан улс байхгүй, үндсэндээ байхгүй болтлоо мөхсөн. Египет улс гэхэд л египетүүд биш арабууд байж байна. Ромын эзэнт гүрний суурин дээр гэхэд цоо шинэ иргэншил үүссэн. Дэлхийн түүхийг тодорхойлж байсан иргэншлүүд тухайн үндэстэндээ үлдсэн гэхэд хэцүү. Монголчуудын иргэншил бол өөр үндэстэнтэй холилдоогүй үлдсэн. Ромыг өнөөгийн итали гэж ойлгож болохгүй. Ром гэж хотын нэр л үлдсэн.

-Монголчууд эв эе хагаралдсан үедээ бусдын зууш болж байсан гашуун түүх элбэг. Энэ их хагарлын үүдийг Чингис хаан, Хасар гэсэн нэгэн хэвлийгээс төрсөн ахан дүүстэй ч холбох нь байна. Одоо бүр хэрээс хэтрээд Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёрыг харилцан буруутгаж, халх, ойрадаараа талцах боллоо?

-Улс төрийн эцсийн зорилго нь эрх мэдэлд хүрэх зам. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа тохиолдолд зөрчил мөргөлдөөн зайлшгүй байдаг. Аль ч улс орон нэгдсэн цагтаа хүчирхэгждэг, хагаралдсан үедээ бууран доройтдог. Энэ бол түүхэн зүй тогтол. Хятадад ч, Монголын түүхэнд ч ийм үе байсан. Зөвхөн монголчууд л хоорондоо тэмцэлдээд хагаралдаад байсан юм биш. Монголчууд гадны улс орныг бас хооронд нь тэмцэлдүүлж байгаад эзлээд авч байсан тохиолдол олон. Ноёдыг нь хооронд нь хагалган бутаргах чинь Монголын эзэнт гүрний том бодлого байлаа. Хэдий чинээ том бодлого явуулж байна тэр гүрэн төдий чинээ том. Үүнийг л империйн бодлого буюу империализм гээд байгаа шүү дээ. Эзэнт гүрний бодлого бусдын дотоод хэрэгт хүртэл оролцож байна. Гегелийн “Агуу хүн агуу зорилготой байдаг, өчүүхэн хүн өчүүхэн зорилготой байдаг” гэсэн нэг үг байдаг. Өнөөдөр манай хувьд гадаадад бүү хэл дотооддоо хагаралтай бодлоготой болчихсон. Манай эзэн хаан Чингис дэлхийн бодлоготой агуу хүн байж. Гэтэл өнөөдөр авлига, хээл хахууль ихэслээ гээд шуугиад байгаа биз дээ. Чингис хаан шиг, Наполеон шиг дэлхийн бодлоготнуудыг өнөөгийнхөөр бол “Манайхыг битгий эзлээрэй” гээд хэдэн доллараар худалдаад авчихна байна шүү дээ. Агуу зорилготой хүмүүс хэзээ ч худалдагдахгүй л дээ.

Өдрийн сонин, 2017/05/17

Л.Батцэнгэл