МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

Хаслундын ХҮҮ АРСЛАН МОНГОЛД ҮЛДСЭН

Хэл судлаач Б.Баярсайхан “Travel classic books” нэртэй цувралыг орчуулан хэвлүүлжээ. Адал явдалт, аяллын номын анхных нь “Явна аа". Энэ номыг Данийн нэрт аялагч, угсаатан судлаач Хенниг Хаслунд-Кристенсен бичжээ. Судалгааны багийн хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1920- иод оны эхээр буурь засаж мал аж ахуй, газар тариалан эрхэлж байсан түүний тэмдэглэлээс монголчуудын нэгэн үеийн түүхийг мэдэж болно. Хоёр дахь ном нь Германы адал явдал эрэгч Эдгар фон Хартманы “Монголын түүхт жингийн их замаар” юм.

Мөн л өнгөрсөн зууны хориод оны үед тэмээн жингийн цуваа дагаж, Ховдын хязгаараар нэвтэрч, Ховд, Улиастайгаар дайран Сэлэнгэ мөрөнг дагаж явсаар Хиагтаар гарч явсан аялагчийн тэмдэглэл аж. Гурав дахь ном болох Шведийн алдарт аялагч, судлаач Свен Хединий “Азийн их цөлийн дундуур” ном нь тун удахгүй хэвлэгдэх гэж байгаа билээ. Энэ жилдээ багтааж Монголын газар нутгаар аялсан хүмүүсийн сонирхолтой таван цуврал номыг орчуулан хүргэхээр төлөвлөсөн орчуулагч Б.Баярсайханы яриа болон эдгээр номын товч агуулгыг хүргэе.

“Явна аа”

Данийн нэрт аялагч, угсаатан судлаач Хеннинг Хаслунд-Кристенсен 1923 онд Карл Кребс ахлагчтай Данийн судалгаа шинжилгээний багийн хамт Монголд ирж, одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган талд фермерийн аж ахуй байгуулж, мал аж ахуй, газар тариалан, ангийн үслэг арьсны наймаа эрхэлж байв. Уг багийн анхны гишүүн нь Карл Кребс (ахлагч), Ове Кребс, Таге Биркк, Эрик Изагер, Боргстрөм болон Хаслунд-Кристенсен нар юм. К.Кребс, Т.Биркк, Боргстрөм, Хаслунд дөрөв түрүүлж ирж, хойноос нь Э.Изагер, О.Кребс нар Булган тал дахь “Эгийн суурин”-д очсон байдаг. Тэд нутгийн монгол айлуудаас үхэр, адуу, хонь худалдан авч богино хугацаанд мал сүрэгтэй болж, монгол малчдыг хөлсөөр ажиллуулдаг байв. Америк, Канадаас хүйтэн бүсийн хүнсний ногоо, тарианы үр авчран тарьж, услалтын усан хүрдээр ногооны газраа усалж, газар тариалангийн үндсээ тавьсан байдаг. Тэд өвлийн цагт хөвч тайгын анчдаас хэрэм, үнэг, булганы арьсыг бараа таваараар арилжин авч, түүнийгээ Өргөөд авчирч өрнөдийн пүүсүүдэд нийлүүлж мөнгө болгоно.

“Монголын түүхт жингийн их замаар”

XIX зууны эцэс, XX зууны эхээр Төв Азийг, түүний дотор Монгол орныг өрнөдийнхөн сонирхож, газарзүйч, эртний судлаач, угсаатан ба хэл, соёл судлаач хийгээд шашны сурталч, адал явдал хайгчид хэрэх болсон билээ. Тэдэнд энэ бүс нутгийн талаарх газармзүйн мэдлэг, хүмүүсийн талаарх мэдээлэл хомс байсан учраас ийн хошуурч байсан биз. Тэдний нэг болох Германы адал явдал эрэгч Эдгар фон Хартман өнгөрсөн зууны хориод оны үед тэмээн жингийн цуваа дагаж, Ховдын хязгаараар нэвтэрч, Ховд, Улиастайгаар дайран Сэлэнгэ мөрөнг дагаж явсаар Хиагтаар гарч явжээ. Энэ аян замын тэмдэглэлээс тэр үеийн жинчдийн ахуй амьдрал, ажил төрөл болон ер нь Монгол орны байдлын талаар өнөөгийн бидэнд сонин содон олон зүйлийг мэдэж авах боломжтой. Түүхийн гэрч бөгөөд хөндлөнгийн хүний нүдэнд Монгол орон, монголчууд яаж харагдав, байгаль цаг уурын нөхцөл байдал ямар байв зэрэг нь бидний анхаарал татах сэдвүүд яах аргагүй мөн.

“Азийн их цөлийн дундуур”

“Адал явдалт аяллын сонгомол бүтээлүүд” цувралын гурав дахь ном нь Шведийн алдарч аялагч, судлаач Свен Хединий “Азийн их цөлийн дундуур” юм. Түүний Такламаканы их цөлийг туулах анхны оролдлого нь бүтэлгүйтэж, нутгийн хөтчүүд болон тэмээ нь усгүй харангатан жингийн хөсгөө тэр чигээр нь алдаж, гурвуулханаа азаар эсэн мэнд гардаг тухай энэ номд өгүүлнэ.

Б.Баярсайхан: Бичгийн соёлтой ард түмэн бидний түүхийг ийн тэмдэглэн үлдээжээ

-Та яагаад “Адал явдалт аяллын сонгомол бүтээлүүд” цувралыг эрхлэн нийтлэхээр болсон бэ?

- Би Монголоор аялсан өрнөдийн аялагчдын тэмдэглэлийг сонирхон унших дуртай. Чингис хааны байлдан дагууллын үед монголчуудыг европчууд мэддэг байсан ч түүнээс хойших хэдэн зуунд бидний тухай мэдээлэл юу ч үгүй байсан. Тиймээс XYIII зуунаас эхэлсэн эх дэлхийгээ танин мэдэх нээлтийн үед зарим аялагч Төв Азийг сонирхож эхэлжээ. Ингээд XIX зууны эцэс болон XX зууны эхээр Монголд ирсэн өрнөдийн аялагчид эдгээр номыг бичсэн аж.

Монголчууд бид аман соёлын уламжлалтай учраас тухайн үеийн түүхийг өгүүлэх бодит гэрэл зураг, тэмдэглэл нэн ховор. Харин тэдгээр аялагч замын турш авсан гэрэл зургаа номондоо оруулсан байсан. Нэгэн үе уншигчид хэрхэн баяжих нууц, хөөрхөн болох тухай зэрэг ид шидийн гэмээр номыг сонирхон авдаг байсан. Харин одоо монголчууд өөрсдийгөө танин мэдэхийг илүүд үзэж байна. Тиймээс харийн хүний нүдээр бидний өвөг дээдсийн амьдрал хэрхэн өрнөж байсныг эдгээр номд өгүүлэх юм.

-Энэ номд байгаа газар орон болон ургамлын нэрийг тусгайлан тайлбарласан байсан. Тэгэхийн тулд та багагүй судалгаа хийсэн үү?

-Уран зохиол биш бодит түүх учраас тухайн хэсгийг тайлбарлан хүргэвэл уншигчдад илүү ойлгомжтой байх болов уу гэж бодсон юм. Ерөөс иймэрхүү түүхэн тэмдэглэлийг хэт эдүгээчилж орчуулж болдоггүй. “Явна аа” номонд “мухар тэрэг” гэж гарч байгаа. Монголчууд үхэр болон морин тэргийг мэддэг байхад зүтгүүртэй өөрөө явдаг тээврийн хэрэгсэл орж ирсэн нь тухайн үедээ сонин байсан байгаа юм. Тиймээс морь эсвэл үхрээр чирүүлдэггүй энэ унааг “мухар тэрэг” хэмээн нэрлэдэг байжээ. Бас жингийн цувааны тэмээний хэвтэш зурайн харагдана гэж зохиогч нь бичсэн байгаа. Энэ хэвтэшийг цунж гэдэг аж. Түүнийг нь орчуулагч хүн олж мэдээд, уншигчиддаа тайлбарлан хэлэх учиртай. Мөн Өргөө рүү орж ирээд шовгор малгайтай лам хүнтэй таарсан гэж бичсэн байгаа юм. Түүнийг шовгор малгай биш овоодой гэх учиртай.

-“Явна аа” номын зохиогч нь тухайн цаг үеийг тун сайхан дүрсэлсэн байсан. Бас Монголд нэлээд элэгтэй хүн байсан юм шиг ээ?

-Монголчуудын зан заншлыг маш сайн ойлгодог, танин мэдэх гэж хичээсэн, Монголд элэгтэй хүн байсныг нь энэ номыг уншсаныхаа дараа ойлгоно. Хаслунд 1927 онд Монголоос явахдаа замдаа монгол айлд бууж хавтгай шаазан аяганд цай уугаад, өндөрлөг газарт зогсон эргэж хараад явсан тухайгаа бичсэн байгаа. Тэгээд Хятадад очоод машинаас буухдаа баруун гарынхаа бугуйнаас ташуураа аваагүй явснаа мэдсэн гэдэг.

-Энэ номнууд анх хэвлэгдсэн даруйдаа нэлээд шуугиан дэгдээж байсан гэв үү?

-1930-аад онд эдгээр ном хэвлэгдэж байсан ба нэлээд шуугиан дэгдээж байсан нь үнэн. Би анхны хувийг нь олж орчуулсан юм. Тэр ч бүү хэл Хаслунд болон түүнтэй хамт ирсэн даничуудын үр удам нь одоо ч гэсэн монголчуудтай холбоотой байдаг юм билээ. Хаслундын хүү Серн Хаслунд Дани дахь Монголын өргөмжит консул. Хаслундын ач охин нь жил бүр жуулчны баг бүрдүүлээд Хөвгөлийн Эрдэнэбулганд очдог гэсэн. Багийн ахлагч доктор Кребсийн үр удмынхан бас Хөвсгөлд ирж байсан юм билээ. Энэ номыг уншсаныхаа дараа түүхийг нь үргэлжлүүлэн мэдмээр санагдсан. Тухайлбал Хаслунд энд байхдаа Арслан гэдэг хүүтэй болж байгаа юм. Тэр хүүгийн хувь заяа хэрхсэн бол. Мөн тэр даничуудад үйлчлэн, ажиллаж байсан хүмүүсийг эрж сурсаар нэг хүнийг олсон. Аюуш гэж хөгшин байгаа. Тухайн үед Хаслундын багийнхан Америкийн хамгийн сүүлийн үеийн газар тариалангийн багаж зэвсэгийг Монголд авчирсан байдаг. Зарим нь одоо ч Эрдэнэбулганы айлуудад бий. Тэрийг нь үр хүүхдүүд нь эргүүлэн авахыг хүссэн гэсэн. Тэр багаж хэрэгслийг аваад явахаас нь өмнө очиж зургийг нь авмаар байна.

Ж.Солонго