МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

Я. ЦЭВЭЛИЙН “МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭМЖ ДЭЛГЭРҮҮЛСЭН ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Я. ЦЭВЭЛИЙН “МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭМЖ ДЭЛГЭРҮҮЛСЭН ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Үг, утга, жишээ, тайлбар, хавсралт тэргүүтнийг нэмж хянасан Ц. Шагдарсүрэн  

 1966 онд анх нийтийн хүртээл болсон Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” нь одоо нэн ховордсон ч эрэлт хэрэгцээ нь буураагүй тул нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэлийг нь 47 жилийн дараа толилуулж байна. Үүнд: уг толийн толгой үгийн салаа утга, жишээ зэргийг дэлгэрүүлж монгол хэлний сүүлийн үеийн судалгааны үр дүнг зохих хэмжээгээр тусгаснаас гадна монгол хэлний уугуул үг, хэллэгийг монгол түүхэн сурвалж бичиг, аман зохиол, зохиолчдын бүтээл тэргүүтнээс сорлон авч товч толийн хэмжээнд нэмсэн болно.

Бас орчин цагийн тользүйн шаардлагаар олон нийтийн монгол хэлний боловсролд хэрэг болно гэж үзсэн зарим үгийн бүтэц, гарал, уугуул болон шинэ утга зэргийг “хэл- тогтолцоо” гэдэг зарчимыг баримтлан нэмж тайлбарлахыг чармайж, монгол хэлний зүй хийгээд монголчуудын түүх, соёлд шууд болон дам холбогдох он тооллын хэрэглэгдэхүүн зэргийг хавсралтаар толилуулав. Мөн олон нийтийн боловсрол, мэдлэгт хэрэг болно хэмээж “Монгол толь зүйн уламжлалын товч” хэмээх түүхэн тойм өгүүлэлийг хавсаргасан болно.

Цагийн эрхээр анхны хэвлэлд толгой үгийн адагт орж байсан монгол бичгийн хэлбэрийг тухайн үгийн ар ард нь оруулж олон улсад нийтлэг хэрэглэгддэг, эрдэм шинжилгээ болон практик ач холбогдолтой монгол бичгийн хэлний латин галигийг үг тус бүрт нэмэн дагалдуулжээ.