“ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020 2 дэвтэр
“ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020 2 дэвтэр
Зохиогч: Б.Чинзориг
Редактор: Ж.Урангуа
Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар
ISBN: 1-р дэвтэр: 978-9919-504-37-3
2-р дэвтэр: 978-9919-504-38-0
Хэл: Монгол
Хуудасны тоо: 1-р дэвтэр: 348, 2-р дэвтэр: 452
Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм
Үнэ: 59.000₮
Эдүгээ Өрнөд Европын буюу “Барууны”, “Өрнийн” иргэншил нөлөөлөөгүй нэг ч хүн, нэг ч газар орныг та дэлхий ертөнцөөс хайгаад олохгүй. Бидний амьдралд энэ иргэншлээс улбаатай улс төр, нийгэм, соёлын байгуулал, сэтгэлгээ гүнзгий нөлөөлж байна. Тиймээс Өрнөд Европын иргэншлийг ул сууртай судлахын хэрээр та өөрийн оршин буй цаг үе, орон зайгаа улам сайн ойлгон ухаарч чадна.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын шинэчлэлийн хүрээнд хэвлэгдсэн “Өрнөдийн иргэншлийн түүх” хэмээх энэ сурах бичиг түүх сонирхон судалж буй таны гар дээр очиж байна. Энэ сурах бичиг нь Критийн Минойн иргэншлээс Хүйтэн дайныг дуусах хүртэл нийт 4000 орчим жилийн түүхийг он цагийн дагуу 16 бүлэгт хувааж бичсэн бөгөөд Эртний үеэс Шинэ үеийг хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (I-VII бүлэг), Шинэ Үеэс Хүйтэн дайныг дуусах хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (VIII-XVI бүлэг), нийт хоёр дэвтэр болгон толилуулж байна. Дэвтэр тус бүрийн эхний хэсэгт түүхийн үйл явцыг тайлбарлаж, удаах хэсэгт түүхэн асуудалд холбогдох анхдагч сурвалжуудыг багтаажээ.
Энэ сурах бичиг нь хэдийгээр Өрнөдийн иргэншлийн түүхээр дагнан бичигдсэн боловч дэлхийн түүхийн өргөн хүрээг хамарна. Зохиогч Өрнөдийн иргэншлийн сонирхолтой “юм бүгдийг багтаасан” нэвтэрхий толь болсон сурах бичиг бичихийг зориогүй, харин эдүгээ дэлхийн өнгө төрхийг тодорхойлж буй энэ иргэншлийн туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе тус бүрийн онцлогийг тодорхойлсон үндсэн асуудлуудыг тодорхойлж, түүгээр дамжуулан дэлхийн түүхийн үйл явцад нөлөөлсөн нөлөө, шалтгаан, үр дагавар, нөхцөл байдлыг энгийн ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлахыг хичээсэн юм.
Түүхийг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр авч үзэж тайлбарлан бичих гэж оролдсоноор энэ сурах бичиг оюутан танд улс төрийн “уйтгартай, нуршуу” үйл явдлуудын дараалал уншиж цээжлэх бус, харин түүхийн олон талт асуудлуудыг сонирхолтой, өөр хоорондоо уялдаатайгаар өргөн хүрээнд ойлгож тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.
Тус сурах бичиг дараах зүйлсээр өмнөх сурах бичгүүдээс давуу талтай болсон:
- - Түүхэн үйл явцыг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр харж бичих арга зүйн дагуу бичиж тайлбарласан.
- - Урьд өмнө сурах бичигт тусгагдаж байгаагүй олон түүхэн сэдэв, асуудлуудыг хамарсан.
- - Орчин цагийн суралцахуйн орчинд нийцсэн, олон зорилго, хэв маяг бүхий дидактик шийдлүүдтэй зохиогдсон.
- - Оюутанд “анд нөхөр” болохуйц, олон улсын жишигт ойртсон дизайнтай хэвлэгдсэн.
- - Сайтар шилж сонгосон 27 анхдагч сурвалжийг дидактик шийдэлтэй хавсаргасан. Анхдагч сурвалжуудын дийлэнх нь урьд өмнө монгол хэлээр хэвлэгдэж байгаагүй.
- - 27 газрын зураг, 140 гэрэл зураг, 6 бүдүүвч, 3 хүснэгт агуулсан.
- - Нэр томьёоны тайлбар, нэрийн хэлхээс үйлдэж багтаасан.
Энэ сурах бичгийг дэлхийн түүх сонирхон судлахыг хүсэж буй оюутан суралцагч, багш судлаач хэн бүхэн уншиж, ашиглаж болно.