"Гал" нууц бүлгэмийн шүлэгчдийн тухай ном англи хэлнээ
Эдүгээгээс дөчөөд жилийн өмнө буюу хуучин тогтолцооны үед байгуулагдсан утга зохиолын “Гал” хэмээх нууц бүлгэмийн түүхийг товчоолсон “GAL: Mongolia’s Last Underground Poets” хэмээх номыг монгол судлаач Саймон Вэкхам Смит туурвисныг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС Пресс Паблиншингээс эрхлэн англи хэлнээ гаргажээ. Уг номонд тус бүлгэмийн шүлэгчдийн эхэн үеийн шүлгүүдийг орчуулагч сонгон оруулсан бөгөөд тус бүлгэмийн түүхтэй холбоотой эссээ нийтлэл, түүхэн гэрэл зураг, хувийн архивын гар бичмэлүүдээс нь багтаасан байна.
1977.11.08-нд уран бүтээлийн “Гал” нэгдлийн зорилгоо анхдугаар хурлын протоколдоо тэмдэглэхдээ “Бидний нэгдэл нь утга зохиолоос ангид урсгал чиглэл үүсгэх гэсэндээ бус тухайн үеэ үүрч гарах зорилгын үүднээс яригдах ёстой юм. Утга зохиолын түүхэнд янз бүрийн хамтлаг байсан. Тийм хамтлагууд нь тухайн үеийнхээ урлаг, утга зохиолын шинэ дээд шатанд хүрч байсан. Бид тийм л зорилгод чиглэх ёстой” хэмээн тодорхойлжээ. Энэхүү “Гал” нэгдэлийн уран бүтээлчид бол Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, Ц.Ойдов, Ш.Гүрбазар, Я.Баатар, Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Б.Сундуй, Ж.Оюунцэцэг бөгөөд өдгөө бүгд өөр өөрийн зохих өндөрлөгийг тогтоосон уран бүтээлчид болжээ.
Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн «Бидний “Гал” гэж нэрлэсэн яруу найргийн дэвжээн дээр: Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Ү.Хүрэлбаатар, Б.Сундуй, Я.Баатар, А.Батешхан, Ц.Ойдов, Ш.Гүрбазар, Ж.Саруулбуян зэрэг залуучууд шүлэг зохиолоо бичицгээж явлаа...» гэсэн бол, нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар «“Гал” хэмээх энэ бүлэг гаднаас тэр үедээ хэнийг ч үл хүлээн авах бөгөөд “тогоондоо буцалж” өдөр шөнөгүй яруу найргаар л амьдардаг сан...» хэмээн бичсэн байдаг.
Уг номын зохиогч Саймон Вэкхам Смит нь сүүлийн 10 жилийн турш монголын уран зохиолын судалгаа болон орчуулгаар дагнан ажиллахын хамт Америк, Канад зэрэг улсын их дээд сургуулиудад лекц уншиж монголын уран зохиол, утга соёлыг дэлхийд таниулж буй авъяаслаг орчуулагч, судлаач юм. Тэрбээр АНУ-ын Вашингтоны их сургуульд Монголын уран зохиолын сэдвээр доктор (Ph.D) зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Rutgers их сургуульд багшилж байна. Түүний докторын диссертацийн ажил Америкт тусгай ном болон хэвлэгдсэн бөгөөд өдгөө тэрбээр Монголын уран зохиолын 30 шахам ном орчуулж гаргаад байна.
О.НОМТ