Илтгэх урлагийн онол, арга зүй сурах бичгийн тухай
Ажил хэрэгч хүмүүсийн ширээний ном
Бидний өдөр тутмын амьдрал, ажилд харилцаа чухал. Харилцааг ойлгомжтой, амжилттай өрнүүлэх арга нь зөв ярьж, танилцуулж, хэлэлцэх явдал билээ. Өөрийгөө зөвөөр ойлгуулах, ажил хэргээ амжилттай удирдан явуулах хэрэгцээ хүн бүрт бий. Жирийн нэг чалчаа яриа, хэвийн үгсээр тэр хэрэгцээг хангах боломжгүй.
Та “Илтгэх урлагийн онол, арга зүй” номыг уншвал амжилтанд хүрэх, бусдыг удирдах, эзэмдэх урлагтай танилцаж, шинэ мэдээлэл, мэдлэгээр тархиа цэнэглэж, бодит жишээ баримтууд, сонин сайхан ярианд автаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээх болно. Харин дараа нь та энэ бүтээлийг ширээн дээрээ байнга тавьж, үе үе эргүүлэн харж байх болов уу гэж найдна. Ингээд номын агуулгаас товчхон танилцуулъя.
Илтгэх урлаг ба амжилт
Илтгэх урлаг нь эмх цэгцтэй сэтгэж, түүнийгээ яруу сайхнаар олон нийтэд дамжуулах, сонсогчдод итгэл үнэмшил төрөхүйц баталгаатай, сонин содон жишээ баримтад түшиглэн итгүүлж өгүүлэх урлаг юм.
Энэ урлаг хүнийг хөгжүүлж, өөрт итгэх чадварыг бий болгох замаар өөрийг нь өөрт нь танин мэдүүлэх, нийгмийн орчинг өөрчлөгч, шинэчлэгч ухаан юм. Хүн өөрийгөө сайтар таньснаар бусдад өөрийгөө зөв ойлгуулж, нийгэмд эзлэх байр суурь нь тэр хэрээр бэхжинэ. Тэгээд нийгэмд танигдаж, хариуцлага үүрч, ухаан санаа нь тэлж хүчирхэг бие хүн болж төлөвшдөг. Илтгэх урлагийн гол зорилго бол сонсогчдод мэдээ мэдээлэл түгээж, тэдний итгэл үнэмшлийг өөртөө татаж, тэднийг манлайлах үйл хэрэг юм.
Илтгэх урлагийг сайн эзэмшсэн хүн бусдын хүндлэл, дэмжлэгийг хүлээдэг. Бусдын хүндлэл, дэмжлэгийг хүлээж чадсан хүн амжилт, алдар хүндийг араасаа дагуулдаг жамтай. “Цаг хугацаа урсан өнгөрөх ч хэлсэн үг мөнх үлддэг”, “Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, айдсын тухай бодвол айдас ирдэг” гэдэг дээ.
Уран илтгэх ухаан нь урлаг уу, шинжлэх ухаан уу?
Зөв сайхан найруулах аргуудыг өргөн ашиглаж, үгийг амилуулан увидасжуулж, илтгэгчдийн авъяас чадварын хэрээр сонсогчийн сэтгэл зүрхийг догдлуулж, үзэл бодлыг урвуулан татах шинжтэйн хувьд уран илтгэл бол урлаг гэдгийг орчин үеийн судлаачид, илтгэгчид хүлээн зөвшөөрчээ.
Харин илтгэх урлагийн түүхэн хөгжил хувьсал, түүний үндсэн ба тусгай зорилго, зорилт, хүрэх үр дүн хийгээд хэрхэн илтгэлийн сэдвээ зөв сонгох, илтгэл бэлдэх үйл явц, илтгэлийг бусдад хүргэх арга замууд, түүнээс гарах үр дүн зэргийг цогцоор нь шинжлэх талаасаа бол шинжлэх ухаан гэгддэг.
Илтгэх урлаг хүмүүс хоорондын харилцаанаас эхтэй учраас боловсролын хамгийн эртний салбар гэдэг.
Түүхийн мэдээгээр бол эртний Грект илтгэх урлагийн анхны сургуулийг шүүхийн мэтгэлцээний үйлтэй холбогдуулан Карокс гэх мэргэн сурталтан анх нээж, түүний хөгжилд Эзоп, Изократ, Демосфен, Платон, Аристотель, Сократ, зэрэг олон мэргэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Английн ерөнхий сайдаар ажиллаж байсан Уйнстон Черчилл “Илтгэх урлаг бол дэлхий дээрх бие даасан хүч мөн” гэж тодорхойлсон. Тэрээр аугаа илтгэгч, удирдагч байлаа.
Илтгэх урлагийн хүч
Монголчуудын яруу өгүүлэхүйн ухаан, яруу илтгэхүйн эрдэм, хэлж илэрхийлэх ур чадвар эртний уран зохиолын шад шүлэг, ерөөл, билиг үг, зүйр цэцэн үг, сургаал үгсэд илэрхий харагддаг. Хүннү их гүрний хаан Модун Шанью “Аливаа үндэстний оршин тогтнохуйн үндэс нь газар юм” гэсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Талын язгууртан, нүүдэлчдийн хүн төрөлхтний утга соёлын арвин сан хөмрөгт оруулсан алдарт “Монголын нууц товчоо”-нд маш олон цэцэн билигтэй, онч үг байдаг нь тусгай судлагдахуун болсон юм.
Ингээд Чингис хаанаас эхлээд аугаа илтгэгч удирдагчдын чадвар, илтгэх урлагийг эзэмшин үгийн хүчээр ялалт, хувьсгал хийсэн талаар дэлгэрэнгүй өгүүлнэ.
Нэгэн сонирхолтой жишээ дурдахад, Вашингтоны Армийн академийн цэргийн урлагийн тэнхимийн ханан дээр гуч гаруй зураг залаастай байдаг бөгөөд хамгийн эхэнд нь мянганы суут жанжин Чингис хааны маань хөрөг хэлсэн үгтэйгээ байдаг ажээ.
Илтгэх урлаг байгалиас заяадаг зүйл үү, хичээл зүтгэлээр сурч даддаг зүйл үү?
Энэ асуултад илтгэх урлаг судлаачид, уран илтгэгчид “Хичээл зүтгэлээрээ суралцдаг дадал, чадвар, хэвшил” хэмээн хариулж баталгаа болгон олон арван түүхэн үйл явдал, үе үеийн илтгэгчдийн намтар, баримтаар жишээ авчээ. Тухайлбал, эртний Грекийн их илтгэгч Демосфен ээрүү тулитраа хэлтэй, бөгтөр үзэмжгүй нэгэн байж. Тэрээр хэлний гажгаа засахын тулд далайн эрэг дээр амандаа чулуу хийгээд чанга дуугаар яруу найраг уншиж эхэлсэн гэдэг. Демосфен өгсүүр өөд чанга хашгиран гүйсээр амьсгалаа задалж, цээл тунгалаг дуутай болсон ба хурц үзүүртэй мэснүүдийн дунд олон цагаар дасгал хийсээр бөгтөрөө тэгшилж өв тэгш уран илтгэгч болсон байна.
Мөн Америкийн цагаан ордонд ерөнхийлөгчийн илтгэлээ бэлддэг тусгай өрөө байдаг бөгөөд үе үеийн ерөнхийлөгч нь олон цагаар бэлтгэл хийн хэлэх үгээ урьдчилан эзэмшдэг уламжлал тогтжээ.
Хүн төрөлхтний түүхэнд чухал хувь нэмэр оруулсан олон үйл явдалд үгийн хүч увидасыг ашигласан билээ. Тухайлбал хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг 1963 оны наймдугаар сарын 23-ны өдөр Авраам Линкольний хөшөөний өмнө цугласан олон мянган хүний өмнө “Надад мөрөөдөл бий” илтгэлээ тавьж, тэнд цугласан олонд “Энэ ертөнцийн бүх хүн арьс өнгө, үндэс угсаагаараа үл ялгарч, бүгд тэгш эрхтэй байх ёстой” гэдгийг үгийн хүчээр нотолж, итгүүлж чадсан юм.
Орчин үед илтгэх урлаг улам эрэлттэй болсноор улс төр, бизнес, хэвлэл мэдээлэл, шашин, боловсролын гээд олон салбарт хүрээгээ тэлж, мэргэжил бүрийн онцлогтой уялдан салбарлан хөгжиж байна.
Хэл сэтгэхүйн харилцаа, хамаарал
Хэлийг сэтгэхүйгээс салгаж үзэх, хэлийг сэтгэхүйтэй адилтгаж үзэх нь хоёул эндүүрэл юм. Хэлнээс тасархай хоосон сэтгэхүй байж болохгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс үгийн бааз суурь дээр сэтгэдэг.
Сэтгэхүйн боломжийг хэлний чадвараас салгах аргагүй. Хэл нь утга агуулсан бүтээл юм, харин сэтгэх гэдэг нь хэлний тэмдгийг ажиглах ажиллагаа явуулах гэсэн үг юм.
Сэтгэхүй бүхлээрээ хэлэнд хамаатай бус бол хэл мөн бүхлээрээ сэтгэхүйд хамаарахгүй. Мэдээллийг бататгах, дамжуулах, хадгалах зэмсэг болохын хувьд хэл нь сэтгэхүй болон бодит ертөнцийг таньж мэдэхэд чиглэсэн, энэхүү мэдлэгээ хүний ухамсарт тусгахад чиглэсэн хүний оюуны бүхий л үйл ажиллагаатай холбоотой. Гэхдээ хамтдаа нэгэн цогц болох хэдий ч хэл ба сэтгэхүй яг адил зүйл биш. Тэдгээр нь олон цэгт давхцах боловч бүрэн дүүрэн давхцахгүй.
Хэл ярианы гол үндэс бол харилцаа юм
Амьдрал, амжилт гэдэг нь үнэндээ сайн харилцаа юм. Монголчууд олны дунд үгээ бэхэл гэдэг. Уур бухимдалтай, яаруу сандруу ямар ч үед харилцаа гэдэг эмзэг ханыг гэмтээж болохгүй. Харилцах явцад гаргасан алдаа хэн нэгнийг гомдоож, сэтгэлд нь сэв суулгадаг. Дараа нь түүнийг өөрчлөх, алга болгох боломжгүй. Таны болгоомжгүй харилцаа хэн нэгний сэтгэлийн мухарт шарх болон үлдэнэ. Тиймээс “Таныг хүмүүс тойрон хүрээлэхгүй байгаа бол харилцаагаа эргэн нэг хараарай” хэмээн харилцааны онолчид сургадаг.
Мөн хүмүүсийн хооронд анх үүсэж буй харилцааны хамгийн тааламжит хэсэг бол инээмсэглэл юм. Инээмсэглэлийн дараа мэдээж гар барилт. Танилцаж буй хүнийхээ гарыг бүтэн чанга атгаж нүд рүү нь эгц хар, эмэгтэй хүнтэй танилцаж буй бол эхэлж гараа сунгаарай.
Зарим хүн эх хэлээ бүрэн эзэмшиж таниагүй, монгол хэлээрээ зөв сайхан харилцаж чадахгүйгээсээ болж харилцааны алдаа гаргах нь олон. “Аягүй сайхан дуу, аймаар гоё байсан, тээ, одоо, эсвэл” гэх сул үгсийг тоть мэт давтах нь яриаг ойлгомжгүй, ядмаг болгодог.
Ярианы хэлийг олон түмэнд ойр дотно, уян зөөлөн, соёлтой болгодог зүйлс нь монгол уламжлалт ёс заншил, эерүүлэл, цээрлэл, хүндэтгэл үгсийн баялаг сан билээ. Хүндэтгэлийн үгсийг зөв сайхан хэрэглэж сурах нь яриаг зөөлөн, амттай болгоно. Буруу зөрүү ярьсан хүнийг “худалч, тэнэг” гэж загнахын оронд “Та ташаарч байна, та андуурсан байлгүй дээ” гэж хэлэхэд тухайн хүн аядуухан хүлээж авна. “Дондог өвчин туссан байна” гэхийн оронд “Бие нь тааруу байна, чилээрхүү байна” гэх, шууд өөрийгөө зөвтгөлгүй “Буруу ч байж болно, уучлаарай, үнэн болов уу гэж бодож байна” гэвэл харилцаа зөөлөрнө.
Илтгэх урлагийн онол, арга зүй номд энэ мэтчилэн сонирхолтой жишээ, баримтууд олон бий.
Цаашлаад, танхимыг бүрэн эзэмдэж, хүмүүсийг суудлаасаа өндөлзтөл, ялаа ниссэн ч сонсогдтол ярих, сонсогчидтойгоо сэтгэл зүрхээрээ холбогдох, гайхмаар биширмээр илтгэлийг хэрхэн бэлтгэх талаар нэгбүрчлэн зааж, илтгэл, эссе бичих арга технологийг дэлгэрэнгүй, ойлгомжтой заасан байгаа шүү.
МУИС Пресс хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэ бүтээлийг МУИС-ийн багш, докторууд хамтран бичсэн бөгөөд хэл найруулга, утга агуулга сайн, бүх насныхан унших, ашиглах боломжтой сайхан ном болсныг онцолж байна.
Та номыг худалдан авахыг хүсвэл коммент хэсэгт утасны дугаараа үлдээн захиалга өгч болно. Мөн хөл хорионы дараа МУИС-ийн төв номын сангийн 1 давхарт байрлах номын дэлгүүрээс аваарай .