МУИС Хэвлэлийн газар

МУИС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР

      Монгол Улсын Их Сургууль 70 жилийн ойн жил 2012 онд МУИС Пресс хэвлэлийн газар байгуулж, ойдоо зориулсан 6 номын редакц хийж, хэвлүүлэх ажлыг зохион байгуулж эхэлснээс хойш даруй 10 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тус хэвлэлийн газар МУИС-ийн ном, хэвлэлийн бодлогыг тодорхойлж, сурах бичиг, шинжлэх ухааны бүтээл, эрдэм шинжилгээний бичиг, гарын авлага хариуцан хэвлүүлэх, сурталчилах, худалдан борлуулах, олон улсын чанартай сурах бичгийн орчуулгын эрх авч, эрхлэн хэвлүүлэх, Монголын их, дээд сургуулиудын дундын сурах бичиг бий болгох, эрдэмтдийн ном, бүтээлийн нэр хүндийг өргөх, үндэсний их сургуулийн хэвлэлийг бий болгон хөгжүүлэх чиглэлээр ажиллаж ирлээ. Их сургуулийн лого бүхий брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх, багш, ажилтан, оюутан суралцагч, төгсөгч нар болон дотоод гадаадын зах зээлд хүргэх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

     Их сургуулийн ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийн сурах бичиг /35/, албан ёсны эрх авсан орчуулгын ном /20/, “Монгол хэл шинжлэлийн сан” цуврал /3/, “XX зууны түүх” цуврал /1/ номыг эрхлэн хэвлүүлж, гадаад, дотоодын зах зээлд сурталчилан таниулах, худалдан борлуулах, түгээх ажлыг зохион байгуулан ажиллажээ.

    Олон улсад нэртэй Oxford University press, Cambridge University press, Wiley, Cengage Learning Inc, Springer Nature, Sage, Oneworld, Routledge, Pearson Education, Inc. McGraw Hill, Princeton University press зэрэг хэвлэлийн газруудтай хамтран ажиллаж математик, ургамал, экологи, санхүү, хүрээлэн буй орчин, физик, электроник, хууль, антропологи, бизнес, сэтгэл судлал, эдийн засаг зэрэг салбарын 20 сурах бичгийн орчуулгын эрх авч, орчуулуулах, эрхлэн хэвлүүлэх ажил үргэлжилж байна.

        МУИС-ийн лого бүхий өргөн хэрэглээний брэнд бүтээгдэхүүн хөгжүүлж, багш, ажилтан, оюутан, төгсөгчдөд хэрэглэх соёлыг бий болгон ажиллаж байна.