МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

Н.Алтантөгс “Монгол хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх”

Н.Алтантөгс “Монгол хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх”



“МУИС Пресс Хэвлэлийн Газар”-аас ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ эрдэм шинжилгээний бүтээлийн цуврал эрхлэн гаргаж эхэллээ. Энэхүү цувралын эхний ном манай Түүхийн тэнхимийн багш, Түүхийн ухааны доктор (Ph.D) Н.Алтантөгсийн бичсэн “Монгол-Хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх (БНМАУ-БНХАУ-ын 1949-1964 оны худалдаа, тээвэр, ажиллах хүч, зээл, тусламжийн харилцаанд хийсэн шинжилгээ)” нэгэн сэдэвт судалгааны бүтээл юм.

Намжилчойжилын Алтантөгс

1982 онд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн. 2017 онд БНХАУ-ын Жилинь их сургуульд түүхийн ухааны докторын зэрэг (PhD) хамгаалсан. 2018 оноос эхлэн МУИС-ийн түүхийн тэнхимд багшаар ажиллаж байна. Н.Алтантөгс нь Монголын түүхийн социализмын үеэр судалгаа хийдэг бөгөөд 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нийтлүүлжээ.


Энэ номд 1949-1964 оны үед манай улс хятад улсын хоорондох эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтран ажиллаж байсан түүхийг баримтаар өгүүлжээ. Та бүтээлийнхээ онцлогийг манай уншигчдад товч танилцуулаач.

-Бүтээлийн онцлогийг зохиогчийн хувьд дараах гурван зүйлээр тодорхойлж болно. Нэгдүгээрт, Бүтээлийн дийлэнх хэсэг урьд өмнө судалгааны эргэлтэд ороогүй шинэ баримт, материалуудад үндэслэн бичигдсэн. Үүний ихэнх нь Монгол улсын Үндэсний Төв Архивын баримтууд юм. Мөн тус сэдвийн хүрээнд англи, хятад, орос хэл дээр нийтлэгдсэн архивын баримт, дурдатгал, сонин хэвлэлийн мэдээ зэргийг аль болох өргөнөөр ашиглахыг хичээсэн. Иймээс эх сурвалжийн хувьд харьцангуй шинэлэг ба өргөн хүрээг хамарсан онцлогтой болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, 1949 оноос хойших Монгол-Хятадын харилцааны хамгийн найрамдалтай байсан цаг үеийг тусгайлан судалж, Монгол-Хятадын “ах, дүүгийн эвдэршгүй ган бат найрамдал” гэгдэх харилцааны цаана хоёр улсын үндэсний эрх ашгаа эрхэмлэсэн бодлогууд зөрчилдөж байсныг эдийн засгийн харилцаагаар жишээ болгон харуулсан. Гуравдугаарт, Монгол-Хятадын харилцаа нь Орос-Хятадын харилцаанаас тусдаа хөгжих боломжгүй юм гэдгийг худалдаа, эдийн засаг, ажиллах хүч, тээврийн салбарын тоо баримтуудаар нотлохыг оролдсон. Манай Монгол улс бол далайд гарцгүй, түгжигдмэл, дэлхийн хоёр хэт их гүрэнтэй хиллэдэг. 1950-60-аад оны Монгол-Хятадын харилцаа нь Зөвлөлт-Хятадын харилцаан дахь өчүүхэн төдий хувиралт, өөрчлөлтийн улмаас донслон доргиж, хурдасч, удааширч ирснийг энэ судалгаанаас харж болно. Энэ бол өнөөдөр ч хэвээр байгаа үзэгдэл юм.

Монголд урьж авчирсан хятад ажилчид дундаас шинэ санаа дэвшүүлж ажлын бүтээмж нэмэгдүүлсэн ажилтнуудыг Монгол Улсын төрийн дээд шагналуудаар шагнаж байсан нь сонирхол татлаа. Энэ тухай дэлгэрүүлбэл?

-Монголд ажиллах хугацаандаа маш олон хятад ажилчид төрийн дээд одон, медалиар шагнуулсан. Жишээлбэл, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хятад ажилчид Энхтайваны гүүрийг барьж, 1958 онд ашиглалтад оруулахад АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар гүүрний барилга дээр ажиллаж байсан хятад ажилчдаас 3 хүнийг Хөдөлмөрийн гавьяаны одонгоор, 10 хүнийг Алтангадас одонгоор, 40 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байсан. Монгол дахь зарим хятад ажилчид үүрэгт ажлаа сайн хийж, ахиу цалин мөнгө авч, түүнийхээ 30 хүртэл хувийг ар гэртээ гуйвуулж, аж амьдралдаа нэмэр болгож байсан бөгөөд тэднийг өөрсдийн ард, иргэдийн адил төрийн дээд одон, медалиар шагнаж байсан явдал бол БНМАУ-ын үед түгээмэл дэлгэрсэн социалист үзэл суртлын кампанит ажил юм. Ингэж шагнах нь тухайн үеийн Монгол-Хятадын “ахан дүүсийн найрамдлын” тухай үзэл сурталд ч таарч тохирч байв.

Монгол Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа хэдий үеэс буурав, нөлөөлсөн хүчин зүйл юу байв?

-1960-аад онд Зөвлөлт-Хятадын харилцаанд томоохон эргэлт гарч, бие биеэ “ах, дүү” гэж нэрлэж байсан хоёр их улсын хооронд дэлхийн социалист системд манлайлахын төлөөх зөрчил ил тод явагдаж эхэлсэн. Зөвлөлтийн зүгээс Хятадад эдийн засгийн шахалт үзүүлж, мэргэжилтнүүдээ татаж, зээл тусламжаа царцаасан. Хятадын зүгээс дэлхийн социалист улсуудын дотор тэргүүлэх байр суурь эзлэхийг далдуур зорьж, жижиг социалист улсуудыг, түүний дотор Монголыг өөртөө татах ажиллагаа явуулж байсан. Монголын эрх баригчид Зөвлөлт-Хятадын маргаанд Зөвлөлтийн талд орж, ХКН-ыг шүүмжлэх болсон. Зөвлөлт-Хятадын харилцааны хүйтрэлийг даган 1960-аад оны эхнээс Монгол-Хятадын улс төрийн найрамдалт харилцаа үгүй болмогц эдийн засгийн харилцаа огцом унаж эхэлсэн. Монголын тал өөрийн эдийн засгийн ашиг сонирхлынхоо үүднээс Хятадтай тогтоосон эдийн засгийн харилцаагаа хэвээр хадгалахыг хичээсэн боловч Монголын умард, өмнөд хөршүүд хоорондоо зөрчилдсөн нөхцөлд монголчууд хятадтай төвийг сахисан байдлаар худалдаа хийх ямар ч боломжгүй болох нь харагдсан. Энэ үед Монгол-Хятадын эдийн засгийн харилцаа нь цэвэр улс төрийн хүчин зүйл дээр үндэслэж байсан нь тодорхой болсон. Далайд гарцгүй, хоёр их улстай хиллэдэг геополитикийн нөхцөл нь монголчуу

дад ямар ч сонголт үлдээдэггүй гэдгийг бид эндээс их тодорхой олж харж болно. Хоёр хөрш маань муудалцсан нөхцөлд монголчууд төвийг сахина гэдэг бол амиа хорлохтой адил үйлдэл юм. Хэрэв Зөвлөлт, Хятад хоёр дайтвал цэргийн ажиллагаа явуулах хамгийн чухал театр нь БНМАУ-ын нутаг дэвсгэр, түүний төмөр зам дагуух бүс нутаг байв. Иймээс Монголын эрх баригчид нөхцөл байдал эгзэгтэй болж байгааг мэдрэн хятадтай тогтоосон эдийн засгийн харилцаагаа зөнд нь орхиж, Варшавын гэрээнд нэгдэхийг оролдсон бөгөөд улмаар 1966 онд Зөвлөлтийн цэргийг нутагтаа оруулж ирсэн. Энэ нь цагаа олсон шийдвэр байсан нь цаашдын үйл явдлын өрнөлөөс харагддаг.